Дархан сумын Соёлын төв нь 1939 онд иргэдийн сайн дурын үүсэл санаачлагаар “Улаан гэр” нэртэйгээр байгуулагджээ. 1940 оноос “Улаан булан” болж идэвхитэй гишүүн Батбэхийн Түвдэн-Яримпил анхны эрхлэгчээр 1957 он хүртэл 17 жил тогтвортой ажиллажээ. 1957 онд Клуб болон өргөжиж клубын эрхлэгч, кино механикч гэсэн орон тоотой болж клубын анхны эрхлэгчээр Нэрэнгийн Гэлэгсодов ажиллаж эхэлсэн байна. Хэнтий аймгийн Дархан сумын Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1989 оны 7-р сарын 11-ны өдрийн № 35 тоот захирамжаар “Клубыг Соёлын төв болгон бүтцийн өөрчлөлт хийж 5 орон тоотойгоор иргэдэд соёл, урлаг, чөлөөт цагийн үйлчилгээ үзүүлэх үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэсээр ирсэн. Одоо Соёлын төв нь 6 хүний бүрэлдэхүүнтэй, 200 хүний суудалтай үзэгчийн танхимтай жилд 128 гаруй нэр төрлийн соёл урлагийн үйлчилгээг 16000-19000 гаруй иргэдэд хүргэн ажиллаж байна. Соёлын төвийн дэргэд бүжгийн дугуйлан дугуйлан хичээллэж байна. Соёлын төвөөс нутгийн нэрт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Оюухай”яруу найргийн наадам, Алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаагийн нэрэмжит уртын дууны уралдаан, Соёлын тэргүүний ажилтан Г.Шагдаржавын нэрэмжит “Баян хуурчдын” наадам зэргийг эвент арга хэмжээ болгон тасралтгүй зохион байгуулж байна. Аймгийн соёлын байгууллагуудын ажлын үзүүлэлтээр 2005 он, 2014 ондуудад 3 дугаар байр эзэлсэн амжилттай.
Соёлын төвийн үндсэн барилга нь 1981 онд ашиглалтанд орсон.2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үндсэн барилгад 74 сая төгрөгийн их засвар хийгдсэн.2019 онд ОНХС-аас 10 сая төгрөгийн , 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 43 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжийн шинэчилэл хийгдсэн. 2012 онд өргөтгөлөөр 9*12 харьцаатай бүжгийн танхим, 9*7 харьцаатай номын сан баригдсан.
Кино үзвэр үйлчилгээ: 1957 оноос хойш кино механикчаар Г.Юндэн ажиллаж 1958 онд нүүдлийн кино цэгтэй болж байнгын кино гаргах болсон тэр цагаас эхлэн одоог хүртэл Соёлын төвд 35 мм-ийн өргөн дэлгэцийн кино цэг, техник хэрэгсэл бүрэн ашиглагдаж байна.
Номын сан: 1963 онд хөдөлмөрчдийн санал хүсэлтийн дагуу ард иргэдийн хандиваар цугларсан 300-д номтой 51 уншигчтайгаар байгуулагдаж, анхны номын санчаар М.Жигжээ, 1976-2015 он хүртэл Ц.Батчулуун идэвхи санаачлагатай ажилласан. 2015 оноос одоог хүртэл номын санч Ю.Ариунтунгалаг ажиллаж байна. Номын сан нь 20 хүний суудал бүхий уншигчийн танхимтай.
Орон нутаг судлах танхим: Дархан сумын “Дархан – Оргил ” нэгдлийн 20 жилийн ойг тохиолдуулан 1979 оны 7-р сарын 09 нд Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга, монголын анчдын нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан монгол улсын алдарт уяач У.Буяндэлгэр , Монгол улсын геодиз зураг зүйн газрын дарга асан МУ- ын Геологийн тэргүүний ажилтан Г.Тогоо, монголын иргэний агаарын тээврийн МИАТ компаний хэлтэсийн дарга МУ -ын МИАТ – ын тэргүүний ажилтан С.Бор- Өвгөн нар санаачлан өөрсдийн хөрөнгөөр анх орон нутаг судлах танхимыг байгуулж өгсөн түүхтэй. Тус орон нутаг судлах танхимын анхны эрхлэгчээр өндөр настан Донойн Билгээ гэдэг хүн ажиллаж байв.Одоогоор 43 үзмэртэй. 2019 онд ОНСТ-ын ажилтаны орон тоог дахин бий болгож Д.Янжинлхам ажиллаж байна.
2024-05-29 10:19:19