Дархан уул

ДАРХАН ХАН УУЛ

Хангай говийн зааг, Халхын уудам талд Хан хэнтийн Дархан хан уул хараа булаан өндөлзөнө -Дархан хан уул нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, сумынхаа төвөөс баруун хойш 10км, Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 220 км зайд, уртааш 22км, өргөөшөө 13км, нийт 28600 га талбайг эзлэн орших бөгөөд далайн түвшнээс дээш 1715 метр өргөгджээ. Аниргүй талын дундах амгалан хөх уулыг алс Хэнтийн нурууны үргэлжлэл хэмээвээс хэн бүхний ой тойнд тийм амар буумгүй. Үзэж туулж, өнжин хонон байж, өргөн хавтгай дээр ургуулан харваас, гарцаагүй Хан Хэнтийн их нурууны урагш хошууран тэлэх тархалтын өмнөд зах гэмээр... Хэнтийн нурууны мөнх цаст тэргүүнээс мянга мянган горхи булаг үсчин, боргилон буух замдаа нийлж, цөөрөн цөөрөн, өргөсөн өргөссөөр тал хөндий лүгээ учран золгож, ухаа гүвээ, уул толгодыг хоёр тийш ханаруулах мэт уудам хөндийгөөр урагшилна. Хэрлэнгийн зүүн эргээр Бурхан Халдун уулаас өмнө зүгт Дэлгэр хааны нуруу, өвөр Моностойн уул, түүнээс урагш Хэрлэн Баян улаан, Долоон болдог, Хэрлэн тооно уулс хүрч, баруун талаар нь бага Хэнтийн нуруу, Горхи тэрэлж, Богд хаан, Нагалхаан, Үнэгт, Баян эрхтийн уулс гээд урагшлах тусам намсаж, хоорондох хөндий шилүүд нь улам бүр уужуу тавиухан болсоор нэг л мэдэхэд тал лугаа уусан, тал нутгийн дундах Дархан уул болж төгсөх мэт... Сая сая жилийн уртад бие биесээ уйдаа нь үгүй ширтсэн Тооно уул, Дархан уулсын дундуур Хатан Хэрлэн маань тааваар даялан эргэж, их талын элгэн дээгүүр дорно зүгт үдүүлэн одно. -Нутгийн буурлууд Дархан уулаа Баян-Эрхтий, Баян булаг, Баян ноён, Баян хараат зэрэг дөрвөн баян уулын дунд оршдог өлзий билэгтэй, өгөөмөр баян нутаг хэмээлдэнэ.

2025-09-03 00:00:00