Дархан сумын алдартан

Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчингийн 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7-н настай байхад "сүрьеэ" өвчнөөр нас барсан байна. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ үлдэж алдаршсан болно.

Р.Чойном 1946 онд Дархан сумын бага сургуульд орж суралцаад 4-р ангийг 1950 онд онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу. Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар бие дааж зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.

1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт үсэг өрөгч, бичгийн машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ.

1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд Хотын Урчуудын Эвлэлийн Хороонд дагалдан барималчнаар ажилласан,

1957 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасагт зураачаар ажилласан,

1958 онд Ясны сүрьеэгийн больницод 2 жил орчим хэвтэж эмчлүүлсэн,

1960 онд Хотын Соёлын ордонд зураачаар ажилласан мөн ондоо Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгт, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зураачаар ажилласан.

Чойном 1969 оны 8-р сарын 6-нд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам (НАХЯ)-нд дайчлагдан баривчлагдаж мөрдөгдсөн. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж харлуулсан гэдэг нэрийдлээр баривчлагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ял эдэлжээ.

1973 онд суллагдаад 1976 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд нутаг заагдсан.

1976 онд Улаанбаатар хот руу орох зөвшөөрөл авч, 1979 он хүртэл найз нөхдийн гэр орноор амьдарч байжээ.

1979 оны 4-р сарын 24-нд 43 настай байхдаа Дэмбэрэл гэж зураачийн гэрт байхад нь бие нь муудаж эмнэлэгт хүргэгдээд тэр шөнөдөө сүрьеэ өвчнөөр зуурдаар нас баржээ.

2025-09-03 00:00:00